“Sleep training” буюу үрдээ бие даан унтах дадал суулгах 5 арга барил

“Sleep training” буюу үрдээ бие даан унтах дадал суулгах 5 арга барил

  • 2022-08-19 04:41

Хөөрхөн үр нь 6 сартайгаасаа ээжгүйгээр, мөөмгүйгээр “бие даан”, өөрөө өөрийгөө шөнийн турш амгалан нойронд хөтөлж чадна гэвэл итгэх үү? Sleep training буюу “нойрны дасгалжуулалт” хийснээр тэгэх боломжтой. 

Нойрны арга зүйчид хүүхдийг 4-6 сартай байхад нь бие даан унтахад дасгалжуулах нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Яг энэ үед хүүхэд хөгжлийн хувьд 6-8 цагийн турш хооллолгүйгээр унтах чадвартай болсон байдаг. Гэхдээ түүнээс том болсон хойно нь ч эхлэхэд оройтохгүй. Системтэйгээр зөв дасгалжуулалт хийж чадвал ээжүүд эртнээс шөнийн нойроо бүтэн аваад зогсохгүй, хүүхэд ч сайн амарч өглөө нь эрч хүч дүүрэн сэрдэг билээ. 

Жич: Аль ч аргыг хэрэглэхээсээ өмнө хүүхдийг тогтсон цагт, тодорхой дараалалтай дэгүүдийн дараа унтаж сургасан байхад анхаараарай. Мөн яг унтахынх нь өмнө хэлдэг “түлхүүр үг”-тэй болж болно. “Чшшш” хэмээн аяархан хэлэх эсвэл “Унтах цаг боллоо” гэх мэт тогтсон нэг үгийг орой бүр хэлснээр хүүхэд унтах цаг болж байгааг ойлгодог болдог. 


Ферберийн арга зүй (Ferber method/Check in and console)

Энэ аргын гол зарчим нь хүүхдээ унтах цагт нь оронд нь оруулаад, үе үе тодорхой минутын интервалтайгаар очиж тайвшруулах ёстой юм. Ингэхдээ бүүвэйлж, хөхүүлэлгүйгээр зүгээр л тайвнаар “Ээж нь байгаа шүү, битгий айгаарай, сайхан амраарай” гэж мэдрүүлнэ гэсэн үг. Оройн бүх дэгээ хийж дуусаад, хүүхдийг оронд нь оруулж, өрөөнөөс гараад тодорхой хугацаанд хүлээнэ. (Нэг минутаас эхлээд аажмаар өсгөөрэй) Тэгээд эргэж ороод “Ээж нь охиндоо хайртай шүү” гэх мэт тайвшруулах үг хэлээд, илээд эргээд гараарай. Энэ мэтчилэн, эргэж орохоос өмнөх хугацааг бага багаар ихэсгэсээр 10-15 минут орчим болох үед унтах хүртэл нь хүлээгээрэй. Шөнө сэрэхэд нь ч бас энэ аргаа хэрэглэнэ. Энэ аргыг хэрэгжүүлж сурахад 1 долоо хоног орчмын хугацаа шаардагдана. Гэхдээ хэдхэн шөнийн дараанаас л сурч эхэлж байгаа нь мэдэгдэх учиртай. 


Сандалны арга (Chair method)

Хүүхдээ уйлуулж орхино гэдэг санаанд нь багтахгүй байвал сандал тавиад дэргэд нь суух аргыг хэрэглээрэй. Хүүхдээ унтуулах дэгээ бүрэн хийсний дараа оронд нь оруулаад, дэргэд нь сандал тавин сууж унтахыг нь хүлээнэ. Унтахаар нь өрөөнөөс гарч, шөнө сэрэхэд нь очоод ахиад л дэргэд нь суухаа үргэлжлүүлнэ. Хэд хоногийн дараа сандлаа орноос бага зэрэг холдуулаад, ахиад хэд хоногийн дараа бүүр холдуулаарай. Аажмаар та түүний дэргэд байхгүй байсан ч хүүхэд өөрөө унтах болно. 


Тэврээд эргээд хэвтүүлэх арга (Pick up and put down method)

Жирийн унтлагын дэгээ хийчихээд, хүүхдээ нойрмог (гэхдээ сэрүүн) байхад нь оронд нь оруулаарай. Гар дээрээ унтуулах хэрэггүй, мөн мөөмөө идүүлэнгээ унтуулах хэрэггүй ээ. Тэвэрч байгаад яг унтаад өгөхийнх нь өмнө, гэхдээ сэрүүн байхад нь оронд нь тавихад болно. Ингэснээр хүүхэд өөрөө өөрийгөө тайвшруулаад л, ямар нэг мөөм эсвэл том хүний тусламжгүйгээр бие даан унтаж сурах ёстой юм. Уйлагнавал өөрөө тайвшраад унтах эсэхийг нь жаахан хүлээ. Хэрвээ тэгэхгүй байвал авч тэвэрч тайвшруулаад, нойрмоглож нүд нь анилдаад ирэхээр нь буцаагаад хэвтүүлнэ. Энэ аргыг 7 сар хүрээгүй хүүхдэд хэрэгжүүлэх нь илүү тохиромжтой бөгөөд жаахан удаан хугацаа, тууштай байдал шаарддаг ч гэлээ бусдаасаа илүү зөөлөн арга хэрэглэхийг хүссэн аав ээжүүдэд зөвлөж байна. 


“Замхруулах” (Fade it out)

Энэ бол хүүхдээ унтуулахын тулд тогтмол хийдэг үйлдлийнхээ (хөхүүлэх, бүүвэйлэх г.м) хугацааг нь багасган багасгасаар, заавал шаардлагатай биш болтол нь “замхруулах” арга юм. Жишээ нь, та унтах хүртэл нь гар дээрээ 20 минут хэртэй бүүвэйлдэг байсан бол 17 минут, 14 минут, 10 минут гэх зэргээр бүүвэйлдэг цагаа багасгасаар алга болгоно гэсэн үг юм. Нэг хугацаагаа 7 хоног орчим бариад аажмаар багасгаарай. Энэ арга хэрэгжихэд харьцангуй удаан хугацаа шаарддаг ч хүүхдээ уйлуулахыг хүсэхгүй байгаа аав ээжүүдэд тохиромжтой.


 Сэрэхээс нь өмнө сэрээх арга (Scheduled awakenings)

Хүүхдийнхээ шөнө сэрдэг цагуудыг тэмдэглэж аваарай. Тэгээд яг тэр цагуудаас нь 15-30 минутын өмнө сэрүүлэг тавь. Сэрүүлэг дуугармагц хүүхдээ өөрөө сэрэхээс нь өмнө урьтаж орноос нь авч сэрээгээд бүүвэйлээд эргээд унтуулаарай. Ингэснээр хүүхэд ахин ойрхон сэрж таныг нэхэх шаардлагагүй болно гэсэн үг. Яваандаа шөнө сэрээдэг тоогоо багасгасаар таны туслалцаа шаардахгүй болох болно. 

Эдгээрээс гадна түгээмэл хэрэглэгддэг нэг арга бол “Уйлсаар байгаад унтахыг нь хүлээх” буюу Cry it out method юм. Хүүхдийг оронд нь оруулаад, хэчнээн уйлсан ч эргэж орохгүй тэвчсээр хүүхэд өөрөө өөрийгөө тайвшруулаад унтахыг нь хүлээнэ гэсэн үг юм. Энэ бол хамгийн хурдан хугацаанд хэрэгждэг арга мөн боловч зарим эмч, нойрны арга зүйч нар зөв эсэх нь маргаантай гэж үздэг тул оруулаагүй юм. 


Ингээд уншихаар хүүхдээ хөхүүлэхгүй, дэргэдээ авахгүй зүгээр л өөрөө унтахыг нь хүлээнэ гэдэг танд “харгис” мэт сонсогдож магадгүй. Гэхдээ хүүхэд шөнийн бүтэн нойрондоо эртхэн шилжиж, бие даан унтаж сурснаар кортизол дааврынх нь ялгарал багасаж, бие нь бүрэн гүйцэт амарснаар дархлаа нь сайжирч, өдөр нь илүү идэвхтэй, цоглог, цовоо байх болно. 


Мөн бүтэн нойроо авсан ээж л сайн ээж байж чаддаг гэдгийг санаарай. Шөнө нь хагас дутуу унтсан бол маргааш өдрийн туршид эрч хүчгүй, цаанаа л ядрангуй, уцаартай байдаг болохоор сайн ээжийн үүргийг санасандаа хүртэл гүйцэтгэхэд хэцүү шүү дээ. Хэдхэн долоо хоног тэсээд сургачихвал эх үр хоёрт хоёуланд нь хэрэгтэй хэмээн сэтгээрэй. 

2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogogплатформ.