Нэг нас хүртэл нь хүүхэдтэйгээ хэрхэн тоглох вэ?

Нэг нас хүртэл нь хүүхэдтэйгээ хэрхэн тоглох вэ?

  • 2022-09-21 02:18

Том болохоор нь л цуг тоглоно доо гээд хүлээж байгаа юм биш биз? Нярай, нялх үед нь та хүүхдийнхээ таван мэдрэхүй, булчингийн хөгжлийг нь дэмжиж олон янзаар тоглох боломжтой. Сар сарынх нь хөгжилд тохируулж яаж тоглохоо эндээс уншаарай: 


Төрснөөс хойш 1 сар хүртэл нь: 

Хараа: Хүүхдээ ойроос харж байгаарай. 20-25 см-ийн зайд эрс тэс тод өнгөтэй тоглоомууд өлгөж болно. Хар, цагаан өнгийн янз бүрийн том тод хээтэй картүүдыг харах хэсэгт нь байрлуулаарай. 

Сонсгол: Хүүхэдтэй ярилцаж, дуу дуулж өгч болно. Бүүвэйн дуутай CD тавьж болно. Зөөлөн чаг чаг дуутай цагийг ойрхон байрлуулж болно. Хүүхдийг хөхүүлэх, усанд оруулах гэх мэт үйлдэл хийх үедээ юу хийж байгаа тухайгаа дүрсэлж хэлээрэй.  

Мэдрэхүй: Энгэртээ наан тэвэрч, өлгийдөж, иллэг хийж өгөөрэй. 

Хөдөлгөөн: Нуруун дээр нь зөөлөн товших, бүүвэйлэх хөдөлгөөн хийгээрэй. Мөн 1 долоо хоногтойгоос нь эхлэн хэвлийгээр нь хэвтүүлж эхлээрэй. Анхандаа 2 минут орчмоор эхлэхэд болно. 


2-3 сартайд нь:

Хараа: Өрөөг тод, эрс тэс өнгөнүүдээр тохижуулж болно. Тод өнгийн тоглоомуудыг хүүхдэд ойроос харуулаад дээш, доош, баруун, зүүн тийш нь удаан аажуу хөдөлгөж харааг тогтоогоорой. Хүүхдийг дагуулан өрөөнөөс өрөө хэсэж янз бүрийн орчинг харуулаарай. 

Сонсгол: Хүүхэдтэйгээ байнга ярьж, инээхэд нь инээж, шаржигнуур тоглоом сонсгоорой. Аяга таваг угаагч, тоос сорогч, гадаа хүүхдүүд тоглох чимээ зэрэг олон янзын чимээ сонсгоорой. 

Мэдрэхүй: Зөөлөн тоглоом, мод, даавуу, хуванцар гэх мэт янз бүрийн гадаргуунд хүргээрэй. Тэр бариад авч ч мэднэ.

Хөдөлгөөн: Өөрийнхөө хэвлий дээр хэвлийгээр нь хэвтүүлээрэй. Мөн хөхүүл дэрэн дээр хэвтүүлж болно. Хөл гарыг нь сэлж байгаа мэт хөдөлгөж “биеийн тамир” хийлгээрэй. Мэдээж tummy time буюу хэвлийгээр хэвтэх дасгалыг нь хийлгэхээ мартаж болохгүй.  


4-6 сартайд нь: 

Хараа: Хүүхэдтэй ярилцаж байхдаа нүүрний хувирлаа тод, олон янз болгож байгаарай. Барьж, атгаж болох тод өнгийн тоглоомууд өгөөрэй. Хүүхэдтэйгээ цуг зурагтай ном хараарай. 

Сонсгол: Хүүхэдтэйгээ байнга ярилцаж, дуу авиаг нь дууриагаарай. Нэрээр нь дуудаж хоногшуулаарай. Янз бүрийн бүүвэйн дуу дуулаарай. Янз бүрийн цаасны шаржигнах чимээг сонсгож, шаржигнуур тоглоом атгуулаарай. 

Мэдрэхүй: Хүүхдэд олон янзын гадаргуутай тоглоом бариулах цаг. Усанд оруулж байхдаа гараараа ус алгадаж тоглохыг нь зөвшөөр. Зөөлөн үслэг хивсэн дээр тавьчих. Дотроо мэдрэхүй хөгжүүлэх тоглоомуудтай даавуун ном үзүүлээрэй. 

Хөдөлгөөн: Өвөр дээрээ цогиулж, цогиход нь магтаж “хөөргөөрэй”. Түшээд суулгаж болно. Шалан дээр тавьж байгаарай. Өнхрөхөд нь дэмжлэг болохын тулд тоглоомыг нь бага зэрэг зайнд тавьж өөрөө тэмүүлэхэд нь туслаарай. Хэвлийгээрээ хэвтэх цагийг уртасгаарай. Насандаа тохирсон тоглоомуудыг амандаа хийж үзэхийг зөвшөөрөөрэй. 


6-9 сартайд нь: 

Хараа: Хүүхдэд дуу авиа гаргадаг, аль нэг хэсгээрээ хөдөлдөг тоглоом өгөөрэй. Хүүхдийг тольтой танилцуулаарай. Гарынхаа алганы ард нуугдаж, “Энэ байна өө” хэмээн тоглоход тэр хариу үйлдэл үзүүлж ойлгоно. Хүүхдээ тэврээд зугаалж байхдаа эд зүйлс рүү зааж, харуулж, заасан зүйлийнхээ туххай яриарай. Хөгжилтэй царайнууд гаргаж, хүүхдийнхээ царайг дууриагаарай. 

Сонсгол: Аав, ээж, эмээ гэх мэт энгийн үгсийг давтан хэлж, хоногшуулаарай. Хүүхэдтэй тоглож байхдаа нүдэнд нь харагдаж байгаа өнгө, биеийн эрхтнүүд, хоол, хүмүүсийг нэрлэж, яриан дундаа тодорхой оруулаарай. Хийж байгаа бүх зүйлийнхээ тухай хүүхдэдээ ярь. Мөн зөвхөн шаардлагатай үед л “үгүй” гэдэг үгийг ашиглаарай. Энгийн заавар өгч дагуулаарай. Одоо алгаа ташиж үзүүлээд, дагаж хийхэд урамшуулаарай. 

Мэдрэхүй: Хүүхдэд бүр олон төрөл зүйлийн гадаргуу, материалыг гар, хөлөөрөө мэдрэх боломжийг олгоорой. Төрөл бүрийн гадаргуутай хоол өгч, булцгар гарт нь атгуул. Гоожуурын усаар тоглуулж, аяганаас ус асгуулж үзээрэй. Ваннтай усанд эсвэл гүехэн бассейнд сэлэх боломжийг олгоорой. 

Хөдөлгөөн: Хүүхдийг өөрөө босоход нь дэмжлэг үзүүлээрэй. Дээш өргөхдөө “дээшээ”, доош буулгахдаа “доошоо” гэж хэл. Тоглоомуудыг нь өөрөөс нь хол, өөрөө мөлхөөд очих зайнд байрлуулаарай. Даавуун дээр хэвлийгээр нь хэвтүүлээд даавуугаа өрөөгөөр тойруулан чирж тоглож болно. Хүүхдээ тэврээд цуг бүжиглээрэй. 


9-12 сартайд нь:

Хараа: Илүү олон янзын орчинтой танилцуулаарай. Дэлгүүр, супермаркет, ой мод, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт. Номноос өөртэй нь адил өөр хүүхдүүдийн зурагнууд үзүүлж болно. Бөмбөг өнхрүүлэн унагааж тоглуулаарай. Дөрвөлжин блокуудыг давхарлаж өрөхөд нь туслаарай.

Сонсгол: Богино үлгэрүүд ярьж, ном уншиж өгөөрэй. Биеийн эрхтнүүд рүү заагаад нэрлэж хэлээрэй. Амьтны дуу авиануудыг дууриагаарай. Хүүхдийн гаргаж буй дуу авианд байнга хариу үйлдэл үзүүлж харилцаарай. 

Мэдрэхүй: Олон янзын хоол бариулаарай. Хоолоо базаж, заваарч идэхийг нь зөвшөөр. Хүйтэн, дулаан зүйлсэд хүргэж “хүйтэн”, “дулаан” гэдгийг нь хэлээрэй. Сэвшээ салхи мэдрүүлээрэй. 

Хөдөлгөөн: Том хэмжээтэй чирдэг, түрдэг тоглоом авч өгөөрэй. Тавилганаас тавилга дамжин алхахад нь дэмжлэг болохын тулд тавилгануудыг ойрхон тойруулж байрлуулаарай. Том хэмжээтэй дэр, хөнжил, бөмбөг, хайрцаг зэргээр тоглуулаарай. Алхаж сурахад нь дэмжээрэй.  

Таны хүүхэд хэдэн сартай вэ? Та дээрх байдлаар тоглодог уу? Үр нь ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ? 

Өөрийнхөө үе тэнгийн ээжүүдийн группт share хийж хүргээрэй. 



2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogogплатформ.