Яагаад 1 нас хүртэл нь давс, сахар хэрэглүүлж болохгүй вэ?

Яагаад 1 нас хүртэл нь давс, сахар хэрэглүүлж болохгүй вэ?

  • 2022-09-27 17:01

Бантанд нь бага зэрэг давс хийгээд, сахартай нарийн боов бариулчихвал хүүхэд маань урамтай сайн идээд байгаа юм шиг санагддаг шүү дээ. Гэтэл хүүхдийн хоол зүйч нар бүгд хүүхдийг дор хаяж 12, болж өгвөл 24 сар хүрэх хүртэл нь нэмэлт давс, сахартай хүнс огт өгөхгүй, амсуулахгүй байхыг зөвлөдөг. Яагаад тэр вэ? Хэд хэдэн шалтгаантай ажээ:

Тэдэнд шаардлагагүй

Нялх хүүхдийн давсны хэрэгцээ өдөрт 1 грамм ч хүрэхгүй байдаг ба түүнийгээ эхийн сүүнээс хангалттай авчихдаг. Харин чихрийн хэрэгцээгээ тэд мөн л эхийн сүүний болон жимсний фруктозоосоо хангалттайгаар барах уу авчихдаг. Манцуйтай үрсэд сахар, давсны нэмэлт хэрэгцээ шаардлага өчүүхэн ч үгүй бөгөөд тэдэнд өгөхгүй л байвал харьцуулж мэдэхгүй тул хоолоо давсгүй байсан ч амтархан иддэг гэдэгт итгээрэй. 

Бяцхан бөөрийг хамгаалаарай

Тэдний эмзэг нандин эрхтэн тогтолцоонд нэмэлт давс “хүнддэж”, бөөрнийх нь ачааллыг нэмэгдүүлдэг. Бяцхан бөндгөр бөөр нь илүүдэл давсыг боловсруулах чадамжгүй учраас үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлдөг. 

Шүд нь эртнээс хорхойтно

Амны хөндийд үлдсэн сахараар нь нянгууд “тансаглаж”, ургаад удаагүй байгаа өөдөсхөн сүүн шүднүүд нь юу юугүй хорхойтоод эхэлчихдэг.

Ногоо голдог болно

Анхнаас нь тод амттай, давстай хооллоод сурчихвал амт муутай ч өсөлт хөгжилдөө нэн шаардлагатай хүнсний ногоогоо голоод идэхээ больчихдог. Харин анхнаасаа ногоог дангаар нь идэж, жинхэнэ амтыг нь таньсан хүүхдийн амтлах мэдрэхүй сайтар хөгжихийн зэрэгцээ амт султай ногоог ялгаж голохгүй идсээр өсөж том болно. 

Хожим чихрийн шижинтэй болох магадлалтай

Анхнаасаа нэмэлт сахартай каш, нухаш, амттан, нарийн боов, жигнэмэг идэж өссөн хүүхэд сахрын хамааралтай болж, бага насандаа 2-р чихрийн шижинтэй болох магадлал үлэмж нэмэгддэг. 

Буруу хооллох үндэс

Бид хүүхдийнхээ хооллолтыг насан туршид нь хянаж чадахгүйгээс хойш  хянаж чадах үедээ эрүүл хооллуулах хэрэгтэй, тийм ээ? Сахар, давсны хэрэглээ өндөртэй өссөн хүүхдүүд түргэн хоол, амттанд дурлаж, балчир наснаасаа илүүдэл жинтэй болох магадлал өндөртэй. 

Хүүхдэдээ амттай юм өгөхийг хүсэлгүй яахав. Гэхдээ одоо түүний идэж байгаа дан жимс, ногоо нь л амтлах мэдрэхүйг нь хангалттай баярлуулж байгаа гэдэгт итгэлтэй байж болно. Жаахан үр нь хүнс болгоны амтанд соргог, таны өгч байгаа бүхэн сонирхолтой санагдаж байгаа. Тиймээс 12-24 сар хүртэл нь тэсээрэй. 

Та хүүхдэдээ хэдэн сар хүртэл нь давс, сахар амсуулаагүй вэ? Өөрийн хүүхдээ эрүүл хооллосон туршлагаасаа хуваалцаарай. “Үе тэнгийн” ээжүүдийнхээ группт share хийж, хүргээрэй. 


2022 © Онлайн худалдааг хөгжүүлэгч zochillogogплатформ.